Бүртгэлийн багц хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан аймгийн "алтайн мэдээ" сонинд ярилцлага өгч хуулиа иргэдэд сурталчиллаа


Иргэдийнхээ хууль эрх зүйн боловсролд зориулан энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулга, “Нэг иргэн-Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийн талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Г.Чүлтэмжамцаас тодрууллаа.
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулгын талаарх мэдээллээр ярилцлагаа эхэлье?
Алтай нутгийн ард иргэдийнхээ түмэн амгаланг айлтгая. Монгол Улсын Их хурлын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор Улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулга, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор “НЭГ ИРГЭН-НЭГ БҮРТГЭЛ” үндэсний хөтөлбөрийг тус тус баталсан. Эдгээр багц хуулиуд болон дээрх үндэсний хөтөлбөр нь улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, ойртуулах үндсэн зорилготойгоор батлагдсан. Арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд бүртгэл, лавлагааны үйлчилгээг интернэт сүлжээ ашиглан гэрээсээ авах боломжтой болсон юм. Мөн иргэд харьяалал харгалзахгүйгээр улсын бүртгэлийн байгууллагын 330 сум, 152 хороонд  очиж өөрийнхөө хүссэн иргэний бүртгэлийн үйлчилгээг авахаар хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн шинэчилсэн багц хууль нь энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр төр иргэдээс ямар ч мэдээлэл шаардахгүйгээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжийг нээж өгч байна.
Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчлэлт нь улсын бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгох, хуулийн хүрээнд улсын бүртгэлийн талаарх мэдээллийг ил тод, нээлттэй хүртээмжтэй байлгах, олон улсын чиг хандлагад нийцүүлэхэд чиглэсэн гэж хэлж болно.
 
-Уг багц хууль хэрэгжиж эхэлснээр ямар ач холбогдолтой вэ?
Хууль хэрэгжиж эхэлснээр Иргэний цахим үнэмлэхийн хэрэглээ нэмэгдэнэ, Үйлчилгээний шат дамжлага багасна. Мөн Иргэн, хуулийн этгээдээс гарах зардал багасах, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернэт сүлжээ ашиглан хаанаас ч авах боломжтой болохоос гадна төсвийн зардал хэмнэгдэх, төрийн байгууллагын уялдаа холбоо сайжирч, харилцан мэдээлэл солилцох нөхцөл бүрдэх, мэдээллийн аюулгүй байдал сайжрах, иргэн, хуулийн этгээдээс төр өөрт байгаа мэдээллийг шаардахгүй болох зэрэг ач холбогдолтой.
 
-Дээрх багц хуулийн шинэчлэлийг иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлавал. Жишээ нь Иргэний үнэмлэхний хэрэглээ нэмэгдэнэ гэж байна л даа?  
Тиймээ. 2012 оноос эхлэн Монгол Улс иргэний хувийн мэдээллийг агуулсан, мэдээллийг унших, тэмдэглэгээ хийх боломжтой санах ой бүхий ухаалаг чиптэй цахим үнэмлэхийг иргэддээ олгож эхэлсэн боловч тэр бүр ашиглаж чадахгүй байгаа. Харин Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр уг чипэд агуулагдаж буй тухайн иргэний овог, эцгийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, төрсөн газар, зураг, хурууны хээ, гэрийн хаяг зэрэг мэдээллүүдийг ашиглах боломж бүрдсэн. Иргэний үнэмлэхийг уншуулдаг болсноор бидний цахим үнэмлэх төрийн мэдээллийн санд нэвтрэх түлхүүр болж байгаа гэсэн үг. Харин төр иргэнээс өөрт байгаа мэдээллээ шаардахгүй гэдэг нь иргэн та цахим үнэмлэхгүй тохиолдолд улсын бүртгэлийн салбар нэгж дээр очиж биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээгээ уншуулаад хүссэн лавлагаа мэдээллээ харьяалал харгалзахгүй авах боломжтой гэсэн үг. Үүний тулд танаас төр ямар нэгэн нэмэлт мэдээлэл шаардахгүй болно. Хэрэв та аль нэг аймаг, сумд томилолтоор ажиллаж байх үедээ улсын бүртгэл, лавлагааны үйлчилгээ авах шаардлагатай болвол өөрт аль ойр байгаа сумын бүртгэлийн мэргэжилтэнд хандаж үйлчилгээ авч болно.
Ер нь цаашдаа төрийн бүх байгууллага улсын бүртгэлийн системд үндэслэн төр иргэнээсээ ямар ч нэмэлт мэдээлэл нэхдэггүй болно. Гааль, татвар, нийгмийн даатгал гээд төрийн аль ч байгууллагаар үйлчлүүлсэн төр өөрийн бүртгэлийн системд байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй. Мөн иргэн та www.burtgel.mn сайтаар дамжуулан хүссэн газраасаа интернэт орчинд бүртгэл, лавлагааны үйлчилгээг авах боломжтой. Өнөөдөр иргэд улсын бүртгэлийн байгууллага дээр биеэр очих болон ТҮЦ машинаас бүртгэлтэй холбоотой үйлчилгээ авч байгаа. Харин бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр иргэдэд шинэ боломжууд нээгдэж байна. Жишээлбэл: Иргэдийн зүгээс банкинд бүрдүүлж өгдөг 10 бичиг баримтын долоог нь та гэрээсээ цахимаас авч болох зэрэг давуу талууд олон бий.
 
-Иргэд зөвхөн шилжин ирж байгаа хороондоо бүртгүүлнэ гэсэн энэ талаар тодруулвал. Мөн хөтөлбөрийн хүрээнд  нотариат зуучлагч болно, хүүхэд төрөхөд автоматаар регистрийн дугаар олгодог болсон гээд олон шинэлэг зүйлүүд багтаж байгаа шүү дээ?
Өмнө нь шилжилт хөдөлгөөн хийхдээ иргэд хуучин хорооноосоо хасалт хийлгээд дараа нь шилжин ирж байгаа хороондоо бүртгүүлдэг байсан. Харин шинэ хуулиар зөвхөн шилжин ирж байгаа хороондоо л бүртгүүлнэ гэсэн үг юм. Мөн шинэ хуулиар Нотариатаас эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой бүртгүүлэх мөн лавлагаа мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд авах боломжтой болж байгаа. Иргэн улсын бүртгэлийн байгууллагад очихгүйгээр наториат дээрээс эд хөрөнгийн бүртгэлийн бүх үйлчилгээг авах боломжтой. Харин эд хөрөнгийн бүртгэлийг нотариат улсын бүртгэлд дамжуулах юм.  
Өмнөх хуулиар төрсний дараах 30 хоногийн дотор регистрийн дугаар авч, төрсний гэрчилгээ олгодог байсан бол шинэ хуулиар хүүхэд төрөхөд эмнэлгээс  регистрийн дугаар олгодог систем бүрдүүлсэн. Жишээ нь: өөр аймгаас нийслэлд ирж төрсөн эхэд хаягаар нь тухайн хүүхдийн  төрсөн он, сар, өдөр, хүйсийг үндэслэн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тухайн хүүхдэд оногдох Монгол Улсын регистрийн дугаарыг олгож байна. Ингэснээр хүүхэд төрсөн даруйдаа Монгол Улсад бүртгүүлэх боломжтой болно. Үүнтэй мөн нэгэн адил эмнэлэгт нас барсан иргэний бүртгэлийг шууд эмнэлгээс хийдэг болж байна. Түүнчлэн нас барсан иргэнийг ах дүү, хамаатан садан нь цахимаар бүртгүүлж болох юм.  
 
-Өмнөх хуулийн зохицуулалтаар гадаад паспортыг насанд хүрсэн хүнд 3, 5 жилийн хугацаатай олгодог байсан бол шинэ хуулиар 10 жилийн хугацаатай олгодог боллоо? 
Тиймээ. Засгийн газрын тогтоолоор энэ оны нэгдүгээр сараас эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог байсныг энэ сарын нэгний өдрөөс эхлэн гадаад паспортыг 10 жилийн хугацаатай авах боломжтой болгосон. Тус хуулийн 17.3-т зааснаар дипломат, албан гадаад паспортын хүчинтэй хугацаа таван жил, энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 10 жил, 16-аас доош насны хүүхдийн энгийн гадаад паспортыг таван жилээр олгоно гэж заасан.
 
-Иргэд тоон гарын үсгээ ашиглан улсын бүртгэлийн 148 төрлийн үйлчилгээг авах боломжтой гэж байна?
Иргэнд төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээг олгодог болоод байгаа. Харин овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний, үрчилсний, гэрлэлт цуцалсны гэрчилгээнүүд авах шаардлагагүй болсон. Түүнчлэн Иргэд тоон гарын үсгээ ашиглан улсын бүртгэлийн 148 төрлийн үйлчилгээг авах боломжтой. Эхний ээлжинд www.burtgel.mn сайтаар дамжуулан төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, иргэний байнга оршин суугаа газрын хаягийн, нас барсны, биеийн давхцахгүй өгөгдлийн, эцэг, эх тогтоосны, иргэний үнэмлэхийн, үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримт зэрэг 10 төрлийн лавлагаа үйлчилгээг тоон гарын үсэг ашиглан цахимаар авч болно. Үндсэндээ цахимаар илгээж байгаа аливаа хүсэлтүүдийг цахим гарын үсгээр баталгаажуулах юм. 
 
- Хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн нэрс нээлттэй болсон гэдэг нь?
Тухайн хуулийн этгээдийн нэр, хаяг, хэлбэр, регистрийн дугаар, улсын бүртгэлд бүртгэгдсэн огноо, төрөл, үүсгэн байгуулагчийн нэр, тоо, хувьцаа эзэмшигчдийн нэр, үйл ажиллагааны чиглэл, өөрчлөн байгуулагдсан мэдээлэл, оноосон нэр өөрчлөгдсөн мэдээлэл, татан буугдсан мэдээлэл, итгэмжлэлтэйгээр төлөөлөх этгээдийн нэр зэрэг нь хэн бүхэнд нээлттэй болсон. Хүсвэл иргэн та www.burtgel.mn сайтаар дамжуулан дурын компанийнхаа хувьцаа эзэмшигчдийг шүүж болно. Мөн иргэдийн нэрийн сан, эд хөрөнгөтэй холбоотой мэдээллүүд тус сайтад нээлттэй байршсан. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгө нь хаана байршдаг болон барьцаанд байгаа эсэхийг мөн тус сайтаас харах боломжтой болсон. 
 
-Шинэ хуулиар анх хуулийн этгээдийн нэр авч байгаа байгууллага нэрээ цахимаар захиалах боломжтой гэсэн?
Анх хуулийн этгээдийн нэр авч байгаа байгууллага www.burtgel.mn сайтаас нэрээ шүүн нэр авахдаа цахимаар захиалах боломжтой бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаар харьяалал харгалзахгүй үйлчлүүлнэ. Мөн тамга тэмдгийн хяналтын дугаарыг харьяалал харгалзахгүйгээр дахин давтагдахгүй 10 оронтой тоогоо авах боломжтой. Ингэснээр иргэн та хаанаас ч тамгаа захиалах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газрыг тухайн үйл ажиллагаа явуулдаг орон нутагт нь бүртгэх боломж бүрдсэн.
 
Бүртгэл, лавлагааны хугацаа богиноссон. Чухам ямар лавлагаа хэдий хэр хугацаагаар?
Улсын бүртгэлийн багц хуулиар бүртгэл, лавлагааны бүхий л хугацааг иргэнд ашигтай байдлаар шийдсэн. Тухайлбал, шинээр байгуулагдаж буй гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгэх хугацааг хоёр дахин багасгаж ажлын 10 өдөр байсныг таван өдөр болгосон. Этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш улсын бүртгэлд хандаж өргөдөл гаргах хугацаа нэмэгдэн 30 хоногийн дотор бүртгүүлэх, амжаагүй тохиолдолд 60 хүртэл хоног сунгах байдлаар нийтдээ 90 хоног хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах боломжийг олгосон. Харин хуулийн этгээд татан буугдсан, нэрээ өөрчилсөн бол өмнөх нэрийг нь 30 хоногийн дараагаас тухайн нэрийг өөр иргэнд шилжүүлэхээр хуульчилсан байгаа. Татан буугдсаныг бүртгэх хугацааг гурав хоногийн дотор, мэдээлэлдээ өөрчлөлт оруулсан бол хоёр хоногийн дотор бүртгэхээр болсон. Мөн тамга тэмдэг гээсэн тохиолдолд хоёр өдрийн дотор хяналтын улсын дугаарыг олгох зэрэг хугацааны хувьд өөрчлөлтүүд орсон.
 
-Хоёулаа Улсын бүртгэлийн багц хуулиудын шинэчилсэн найруулга, “Нэг иргэн-Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийн талаарх  нэлээдгүй мэдээллийг иргэддээ хүргэлээ. Ярилцлагын төгөсгөлд миний асуугаагүй иргэддээ хүргэх нэмэлт мэдээлэл бий юу?
Юуны өмнө иргэдийнхээ мэдэх эрхийг хүндэтгэн  товчхон ч гэсэн мэдлэг олгох боломжийг олгосон танай сонины хамт олонд талархал илэрхийлье.  Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, ойртуулах зорилготойгоор шинэчлэн найруулагдсан хуульд  газар эзэмших, ашиглахтай холбоотой бүртгэл тухайн газрынхаа гэрчилгээг авахад улсын бүртгэлд давхар бүртгэгддэг байхаар заасан. Ингэснээр иргэн хоёр газар очиж бүртгүүлэх шаардлагагүй болж байгаа юм. Мөн www.burtgel.mn сайтаас дурын иргэн тухайн газрын байршил, хэмжээ, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, зориулалт, төлөв байдал, эргэлтийн цэг, тусгай тэмдэглэгээ зэрэг мэдээллүүдийг нээлттэйгээр авах боломжтой. Мэдээлэл ил болсноор дурын иргэн тухайн үл хөдлөх хөрөнгөнд тусгай тэмдэглэгээ хийсэн эсэхийг шалгах боломжтой болно. Ингэснээр  эзэнгүй үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан этгээд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл бүртгүүлэх, улмаар өмчлөх эрхээ баталгаажуулах боломж бүрдэх юм. 
 Мөн барьж дуусаагүй барилгад урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж, хуулиар хамгаалуулах боломжтой болж байгаа. 
Түүнчлэн уг хуулийн заалтаар өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, соёл, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн байгууллага гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүртгүүлсэн байгууллагууд хоёр жилийн дотор  ашгийн төлөөх компани эсвэл ашгийн бус төрийн бус байгууллага, сангийн хэлбэрээр ажиллахаа сонгож, бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагууд  ашгийн төлөө явахаар бол компани байгуулах, ашгийн бус бол хоршоо, сан байгуулах замаар ажиллах зэрэг олон шинэ заалтууд уг багц хуульд орсон.
 
-Цаг гарган иргэдэд хуулийн мэдээлэл хүргэсэнд баярлалаа.  Ярилцсан:Д.Буян-Ундрах