Улсын бүртгэлийн 18 төрлийн үйлчилгээ, 20 төрлийн лавлагааны төлбөрийг ebarimt ашиглан төлдөг боллоо

Монгол Улсын Засгийн газраас Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт Монгол Улсын Засгийн газрын 2019 оны "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгох тухай 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Монгол Улсын 3асгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан

"Төрийн үйлчилгээнд тоон гарын үсгийг үе шаттай нэвтрүүлж, цахим хэлбэрт шилжүүлэх замаар төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэж, цахим засгийг бодитой хэрэгжүүлэх" зорилтын хүрээнд хэд хэдэн албан даалгавар хүргүүлсэн билээ.

Энэхүү албан даалгаварын биелэлтийг хангах ажлын хүрээнд Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн удирдлагууд Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2019.10.16/ ээлжит хуралдаанаар төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцооны шинэчилсэн системийг танилцуулав.

Засгийн газрын хуралдаанд танилцуулсаны дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,  Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн дарга Т.Батбилэг нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.

 Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн мэдээлэлдээ, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг “Цахим төлбөрийн баримтын систем” буюу ebarimt аппликейшн ашиглан гар утаснаасаа интернет банкаар төлөх боломжтой болсон. Ингэснээр иргэд заавал банкинд очих, цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байна. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөсөн болохыг танилцуулсан юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж хийсэн мэдээлэлдээ, иргэд төрийн үйлчилгээ авахын тулд төлбөр, хураамжаа заавал банканд биечлэн очиж төлж байна. Энэ нь иргэд банканд удаан хугацаагаар дугаарлан хүлээж цаг алдах, үйлчилгээнээс хамаарч хэд хэдэн дансанд төлбөр төлөх, тухайн гүйлгээ бүрд 2,000 хүртэл төгрөгийн шимтгэлийг нэмж төлөх зэрэг хүндрэл, чирэгдлийг бий болгодог. Тухайлбал, гадаад паспорт авахын тулд бүртгэлийн үйлчилгээний хураамж 12,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 5,000 төгрөг, гадаад паспортын хэвлэлтийн зардал 15,000 төгрөгийн нийт 3 гүйлгээг арилжааны банканд очиж төлөх ба гүйлгээ тус бурд банкнаас хамаарч 300-2,000 төгрөгийн шимтгэл зарцуулах, мөн ачаалал ихтэй үед 3 цаг хүртэл хугацаагаар банканд дугаарлаж хүлээх зэрэг хүндрэлийг үүсгэж байна.

Иймд, төрийн үйлчилгээг иргэдэд тургэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор "Цахим төлбөрийн баримтын систем" (ebarimt аппликейшн)-ийг ашиглан иргэн өөрийн гар утаснаасаа интернэт банкаар төлбөр төлөх боломжийг олгож байна. Энэ ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд үзүүлж буй 18 төрлийн үйлчилгээ, 20 төрлийн лавлагааны төлбөрийг өнөөдрөөс буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цахим төлбөр тооцооны системээр хүлээж авахаар холбогдох хөгжүүлэлтийг хийж нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. iOS үйлдлийн систем буюу iPhone ухаалаг утас ашигладаг иргэн ebarimt аппликейшнийг устгаж, дахин суулгах хэрэгтэй гэв.

Төрийн үйлчилгээнд "Цахим төлбөрийн баримтын систем"-ийг нэвтрүүлснээр дараах ур дүн гарна. Үүнд:

- Иргэд арилжааны банканд биечлэн очиж цаг алдахгуйгээр төлбөр тооцоог гүйцэтгэнэ.

- Ойролцоо арилжааны банкны салбар байдаггүй бүртгэлийн нэгжүүд болон хороон дээр үйлчилгээ авч буй иргэд төлбөрөө тухайн үйлчилгээний цэгүүд дээр төлснөөр хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг сааруулж, түгжрэлийг бууруулах боломжийг бүрдүүлнэ.

- Иргэдийн төрийн үйлчилгээний төлбөр, хураамж төлөхөд зарцуулж байгаа шимтгэлийг бууруулна.

- Цахим төлбөрийн системээр хийгдсэн гүйлгээ төрийн сангийн дансанд шууд төвлөрөх бөгөөд бэлэн мөнгөний төлбөр тооцоог дагасан эрсдэл буурна.

- Иргэн цахим төлбөрийн систем ашиглан төлбөр төлснөөр төлбөрийн баримт еbarimt aппликейшнд автоматаар бүртгэгдэх бөгөөд сугалаанд оролцох боломжтой болно.

Цаашид төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 25 байгууллагын 185 төрлийн үйлчилгээ, байгууллагуудад үе шаттайгаар нэвтрүүлэхээр Засгийн газар болон холбогдох яам, агентлаг, газрууд ажиллаж байна.